Газар ашиглах

2021-10-09

44.1.Гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын хуулийн этгээдэд газар ашиглуулах асуудлыг энэ хуулийн 17.1.2, 18.1.6-д заасны дагуу шийдвэрлэнэ.

 

44.2.Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт ашиглуулах газрын болон төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай гэж үзвэл тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтална.

 

 

44.3.Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт газар ашиглуулах нөхцөл, журмыг Монгол Улсын олон улсын гэрээгээр тогтооно.

 

 

44.4.Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний нь зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ.

 

 

44.5.Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно.

 

 

44.6.Энэ хуулийн 44.4-т заасан иргэнд хувийн гэр, орон сууцны хашааны зориулалтаар ашиглуулах газрын хэмжээ 0,05 га-гаас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар олгох газрын хэмжээ 0,1 га-гаас тус тус илүүгүй байна. Газрыг 5 жил хүртэл хугацаагаар гэрээгээр ашиглуулах бөгөөд гэрээг нэг удаад сунгах хугацаа 5 жилээс илүүгүй байна.

 

 

44.7.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар ашиглах тухай хүсэлт гаргахын өмнө гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн эрх бүхий байгууллагаас тодорхойлолт авсан байна.

 

/Энэ хэсэгт 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хууль, 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/

 

44.8.Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална.

 

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 

44.9.Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гадаадын иргэн, харъяалалгүй хүн, хуулийн этгээдэд газар ашиглуулсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

 

 

44.10.газар ашиглах эрхтэй этгээд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30.6, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17.2-д заасны дагуу холбогдох татварыг тодорхойлж тайлагнаагүй, үнэлгээ тооцоход шаардагдах мэдээллийг санаатайгаар нуун дарагдуулсан, худал мэдүүлж тайлагнасан бол газар ашиглах эрхийн гэрчилгээ болон газар ашиглах гэрээг цуцалж, ашиглалтын явцад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

Санал асуулга
© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР