ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД БЭЛЧЭЭРТЭЙ ХОЛБОГДСОН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИЛАА

2023-06-21
УИХ-ын 21 гишүүн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дэд даргад өргөн барилаа.
Сүүлийн 20 орчим жил Монгол улсын нийт /110 сая га/ бэлчээрийн 65 хувь нь доройтсон. Үүний 20 хувь нь дахин сэргэх боломжгүйгээр доройтсон. Бэлчээрийн талхагдал 2-2,5 дахин нэмэгдсэн. Цаашдаа энэ байдлаар явбал бэлчээр цөлжих эрсдэл нүүрлэсэн.
Тиймээс бэлчээрийн асуудлыг эрх зүйн хувьд зохицуулах шаардлагын хүрээнд “Газрын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийн хуулийн төслийг өргөн барьж байна. Төсөлд:
Нэгдүгээрт, Бэлчээр ашиглалтыг сайжруулах,
Хоёрдугаарт, ХХААХҮЯ, аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нар, ИТХ, МАА-н мэргэжилтнүүд, газрын албад, малчид гээд бэлчээрт оролцдог оролцогчдын чиг үүргийг тодорхой болгож, хариуцлагын тогтолцоог бий болгох,
Гуравдугаарт, Бэлчээрээ зохистой ашиглаж нөхөн сэргээх заалтуудыг боловсруулсан юм.
Өөрөөр хэлбэл 16 жилийн дараа газрын тухай хуульд бэлчээртэй холбогдсон асуудлуудыг өргөн барьж байна.
Миний хувьд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн төлөөллүүдийг хамруулсан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Үүнчлэн Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын малчдаар хуулийн төслийг хэлэлцүүлсэн. Хэрвээ эрх зүйн зохицуулалт хийхгүй бол Монгол улс бэлчээргүй болох аюул эрсдэл бодитойгоор тулгарч байна. Одоо бид зохицуулалтаа зөв хийж чадвал өнөөдөр талхдагдсан 70 шахам хувийн бэлчээрийн 40-50 хувь нь эргээд сэргэх боломжтой юм.
Хуулийн хэрэгжилтийг хангуулахад багийн ИНХ, малчдын оролцоо туйлын чухал.  Нөгөөтээгүүр ХӨАА, малын махны экспорт, түүхий эдийн үйлдвэрлэл явагдаж байж хөрсөн дээрээ буух юм. Багийн ИНХ-ын даргыг сэргээн эргэж оруулах заалт тусгагдсан. Багийн ИНХ хөрсөн дээрээ хэрэгждэг хүчтэй шийдвэр байя. Үүнийг багаараа хэрэгжүүлж, бэлчээр ашиглалтын хэсгүүдийг ажиллуулснаар бэлчээрээ хадгалж үлдэх төсөл өргөн барьж байгаа юм.
 
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР