ЗАВХАН АЙМГИЙН БАРИЛГЫН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН 2022 АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-03-30
Завхан аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Завхан аймгийн барилгачдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Барилгын салбарын ажилтны зөвлөгөөн-2022 арга хэмжээ 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд Орон нутгийн удирдлагууд, Барилгын хөгжлийн төв, Аймгийн Засаг даргын тамгын газар, Орон нутгийн өмчийн газар, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Аймгийн мэргэжлийн хяналтын газар, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компани, Завхан аймаг дахь Политехникийн коллеж, Аймгийн ахмад барилгачдын холбоо, Төсөвчидийн холбоо, барилга угсралт, материал үйлдвэрлэл, зураг төслийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн төлөөлөл нийт 70 гаруй төлөөлөгч оролцлоо.
Уг зөвлөгөөнөөр 2022 оны улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт түүний хэрэгжилт, цахим норм, шинээр батлагдсан норм стандартын танилцуулга, барилгын захиалагч, гүйцэтгэгч, ашиглагч байгууллагуудын уялдаа холбоо, барилгын цахилгаан хангамжийн ажилд мөрдөгдөх норм стандарт, угсралтын үед гаргадаг нийтлэг алдаа, түгээмэл тархацтай орд газар ашиглах хуулийн шаардлага, мэргэжилтэй ажилчдын эрэлт хэрэгцээ, барилгын материалын үнийн өсөлт зэрэг асуудлуудаар санал солилцож дараах шийдвэрүүдийг гаргалаа.
  • Орон нутгийн тусгай зөвшөөрөлтэй зураг төслийн байгууллагын гүйцэтгэсэн ажилд орон нутагт экспертиз хийдэг болгох
  • Орон нутагт барилгын төсөвт өртгийг бууруулах зорилгоор ханын дүүргэгч материалын үйлдвэр байгуулах төслийг дэмжих саналыг Барилга хот байгуулалтын яаманд хүргүүлэх
  • Барилга байгууламжийн техник хяналтын зардлыг тухайн барилга байгууламжид бүрэн зарцуулдаг байх
  • БМҮ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, иргэн, байгууллагуудын барилгын материал бүтээгдэхүүнийг баталгаажуулалтад хамруулах, тохирлын гэрчилгээтэй болгох
  • Барилга байгууламж барих, өргөтгөх засварлах ажилд стандартын шаардлага хангасан гарал үүсэл, тохирлын гэрчилгээтэй материал бүтээгдэхүүн эдэлхүүн хэрэглэх
  • Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг олгохын өмнө барилгын материалын лабораторитой хамтран ажиллах гэрээг байгуулж ажиллах
  • Барилгын техник хяналтын ажлын чанарыг сайжруулах зорилгоор инженерийн зөвлөх баг ажиллуулах
  • Барилгын байгууллагууд хууль тогтоомж, дүрэм журмаар хүлээсэн эрх, үүргээ үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын тайлан, үйл ажиллагааны үр дүнгийн статистик мэдээллүүд, норм норматив боловсруулах санд төвлөрүүлэх орлого зэргийг цаг хугацаандаа тайлагнаж хэвших
  • Техник хяналтын зардлаас зураг төсөв боловсруулах, техникийн нөхцөл бүрдүүлэх, инженер геологийн дүгнэлт хийлгэх зардлуудыг зарцуулдаг болгох зэрэг шийдвэрүүдийг гаргаж мөрдөж ажиллахаар шийдвэрлэлээ.
Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР