ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ /Энэ хуулийн гарчигт 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2019-05-18

1988 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр

 

Улаанбаатар хот

 

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ

/Энэ хуулийн гарчигт 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Газрын хэвлийн тухай Монгол Улсын хуулийн зорилт

Газрын хэвлийн тухай Монгол Улсын хуулийн зорилт нь өнөөгийн болон хойч үеийнхний ашиг сонирхолд нийцүүлэн газрын хэвлийг ашиглах, хамгаалахтай холбогдсон нийгмийн харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Газрын хэвлийн тухай Монгол Улсын хууль тогтоомж

1.Газрын хэвлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл.Монгол Улсын газрын хэвлий бол төрийн өмч

Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар газрын хэвлий нь төрийн өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө мөн.

Газрын хэвлийг зөвхөн ашиглуулахаар олгоно. Газрын хэвлийг төр өмчлөх эрхийг аливаа хэлбэрээр зөрчихийг хориглоно.

4 дүгээр зүйл.Газрын хэвлий, түүний улсын нэгдмэл сан

1.Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ.

2.Газрын хэвлий нь ашиглаж байгаа эсэхээс үл хамааран бүхэлдээ улсын нэгдмэл санг бүрдүүлнэ.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

5 дугаар зүйл.Газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн удирдлага

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6 дугаар зүйл.Газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи үйл ажиллагааг төрөөс удирдах

1.Улсын Их Хурал газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг тодорхойлох;

2/газрын хэвлийн улсын нэгдмэл санг захиран зарцуулах бодлогын үндсийг тодорхойлж, чиглэлийг тогтоох;

3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

2.Засгийн газар газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулж хангах;

2/газрын хэвлийг ашиглах, хамгаалах техникийн нэгдсэн бодлогыг тодорхойлох;

3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

3.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

2/газрын хэвлийн баялаг, эрдэс түүхий эдийг зохистой ашиглах бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэх;

3/газрын хэвлийг ашиглах, геологийн судалгаа хийх үйл ажиллагаанд төрийн хяналтыг хэрэгжүүлэх;

4/ердийн ашигт малтмалаас бусад ашигт малтмалын орд ашиглахад зориулан аж ахуйн нэгж, байгууллагад зохих хууль тогтоомжийн дагуу уурхайн эдэлбэр олгох;

5/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

4.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх, газрын хэвлийг ашиглах үйл ажиллагааг байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар хэрэгжүүлэхэд төрийн хяналт тавих;

2/газрын хэвлийг зохистой ашиглуулах, хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

3/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

1.Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлого, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

2/энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар аймаг, нийслэлийн Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх.

2.Аймаг, нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээний дотор аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангах;

2/нутаг дэвсгэртээ хийгдсэн геологийн судалгааны болон нутаг дэвсгэртээ оршиж байгаа ашигт малтмалын талаархи мэдээллийг зохих журмын дагуу холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулан авч танилцах;

3/газрын хэвлийг ашиглах, хамгаалах ажилд хяналт шалгалт хийх;

4/энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох;

5/газрын хэвлийг дур мэдэн ашиглах болон ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барихыг зогсоох;

6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8 дугаар зүйл.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

1.Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлого, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр болон гаргасан шийдвэрийнхээ биелэлтэд хяналт тавих;

2/энэ хэсгийн 1-д заасан асуудлын талаар сум, дүүргийн Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэх.

2.Сум, дүүргийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/нутаг дэвсгэртээ газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлж, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, мөн хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулж хангах;

2/нутаг дэвсгэртээ газрын хэвлийн баялгийг ашиглуулахтай холбогдуулан эдэлбэр газар олгох;

3/ашигт малтмалын нөөцийг илрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

4/ердийн ашигт малтмал, газар доорхи цэнгэг усыг ашиглах тухай саналыг холбогдох байгууллагад тавих;

5/ердийн ашигт малтмалын ордыг зохистой ашиглах болон газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулахад хяналт тавих, засаж тохижуулсан газрыг хүлээн авах;

6/хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

9 дүгээр зүйл.Газрын хэвлийг ашиглагч

1.Газрын хэвлийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэд ашиглаж болно.

2.Монгол Улсын хууль тогтоомжид заасан тохиолдолд газрын хэвлийг гадаад улсын хуулийн этгээд, иргэн, харьяалалгүй хүнд зохих журмын дагуу ашиглуулж болно.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

10 дугаар зүйл.Газрын хэвлийг ашиглах зориулалт

1.Газрын хэвлийг дор дурдсан зориулалтаар ашиглуулахаар олгоно:

1/геологийн судалгаа хийх;

2/ашигт малтмал олборлох;

3/ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж, түүний дотор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахад зориулан барилга байгууламж барих, ашиглах;

4/аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн бусад хэрэгцээг хангах.

2.Газрын хэвлийд ашигт малтмалын хайгуул хийх, ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Газрын хэвлийг ашиглагчид нь газар эзэмшигч, ашиглагчдаас зохих журмын дагуу зөвшөөрөл авна.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

11 дүгээр зүйл.Газрын хэвлийг ашигласны төлбөр

1.Газрын хэвлийг төлбөртэй ашиглана.

2.Газрын хэвлийг ашигласны төлбөрийн дээд, доод хэмжээг хуулиар тогтооно.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

12 дугаар зүйл.Геологийн судалгаа хийхэд зориулан ашиглуулахаар газрын хэвлийг олгох

1.Геологийн судалгаа хийх /геологийн тогтоц, ашигт малтмалын байршлын зүй тогтлыг судлан ордыг илрүүлж үнэлгээ өгөх, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газрын хэвлийг ашиглах, уул-техникийн болон шаардлагатай бусад нөхцөлийг тодруулах зэрэг/-эд зориулан ашиглуулахаар газрын хэвлийг олгох асуудлыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

2.Геологийн судалгаа хийгч нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаагаа явуулах тухайгаа сум, дүүргийн Засаг даргад бүртгүүлсний дараа ажлаа эхэлнэ.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13 дугаар зүйл.Ашигт малтмал олборлоход зориулан газрын хэвлийг олгох

Уурхайн эдэлбэр олгосон тухай актыг үндэслэн ашигт малтмалыг олборлоход зориулан газрын хэвлийг олгоно.

14 дүгээр зүйл.Ашигт малтмалын ордыг ашиглахад зориулан уурхайн эдэлбэр олгох

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

15 дугаар зүйл.Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгох

1.Ашигт малтмал олборлох, газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахаас өөр зориулалтаар ашиглуулахаар газар доор барилга байгууламж барих, ашиглахад зориулан газрын хэвлийг дор дурдсан байгууллага, албан тушаалтан олгоно:

1/улсын болон аймаг, нийслэлийн чанартай барилга байгууламж барих, ашиглахад зориулан тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;

2/орон нутгийн чанартай барилга байгууламж барих, ашиглахад зориулан тухайн сум, дүүргийн Засаг дарга.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан барилга байгууламжийн ажлыг эхлэхдээ тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшил газрынхаа хилийн дотор ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан тухайн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон журмын дагуу газрын хэвлийг ашиглах эрхтэй.

4.Газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулах зориулалттай барилга байгууламж барих, ашиглахад зориулан газрын хэвлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно.

5.Газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг булах, бохир ус зайлуулахдаа эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон тусгай нөхцөл, шаардлага хангасан байвал зохино.

6.Хүн амын эрүүл мэнд, мал, ан амьтан, байгаль орчинд онцгой нөлөө бүхий хортой бодисыг хамгаалан булахад зориулан газрын хэвлийг ашиглуулах тухай асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зориулалтаар газрын хэвлийг ашиглуулахыг Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд газрын хэвлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно. Гүйцэтгэгч байгууллага нь хортой бодисыг хамгаалан булснаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын жагсаалт

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

17 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглахад зориулан уурхайн эдэлбэр олгох нөхцөл

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

18 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс ердийн ашигт малтмал олборлох, газар доорхи цэнгэг усыг ашиглах эрх

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн уурхайн эдэлбэр авахгүйгээр ердийн ашигт малтмал олборлох, газар доорхи цэнгэг усыг ашиглах эрхтэй.

19 дүгээр зүйл.Газрын хэвлийг ашиглах хугацаа

1.Газрын хэвлийг хугацаагүй буюу хугацаатайгаар ашиглалтад олгож болно.

2.Газрын хэвлийг урьдчилан тодорхой хугацаа тогтоолгүйгээр ашиглалтад олгосон бол хугацаагүй түрээслэн ашиглах гэнэ.

3.Газрын хэвлийг ашиглалтад хугацаатай олгох нийт хугацаа 30 жилээс илүүгүй байна. Шаардлагатай бол тогтоосон хугацааг газрын хэвлийг түрээслэн ашиглуулахаар анх олгосон байгууллагын шийдвэрээр сунгаж болох бөгөөд нэг удаад сунгах хугацаа 20 жилээс дээшгүй байна.

4.Ашигт малтмалын ордыг ашиглах, хугацааг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад уурхайн эдэлбэрийн зөвшөөрлийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн тооцно.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

20 дугаар зүйл.Газрын хэвлийг ашиглагчийн үндсэн эрх, үүрэг

1.Ашиглагч нь газрын хэвлийг олгосон зориулалтын дагуу ашиглах үүрэг, эрхтэй.

2.Газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан шаардлагыг хангах үүрэгтэй:

1/газрын хэвлийн геологийн судалгааг бүрэн хийлгэж, зөв зохистой, иж бүрэн ашиглах, хамгаалах;

2/газрын хэвлийг ашиглахдаа ажиллагчдын болон хүн амын аюулгүй байдлыг хангах;

3/газрын хэвлийг ашиглахад үүсч болзошгүй хортой нөлөөнөөс хий мандлын агаар, газар, ой, ус, рашаан, мал ан амьтан, байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг найдвартай хамгаалах, түүнчлэн тусгай хамгаалалттай газар, байгалийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг хангах;

4/газрын хэвлийг ашиглах явцад эвдэрсэн газрыг аюул осолгүй болгож, цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулан анх зөвшөөрөл олгосон нутгийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгөх;

5/газрын хэвлийг ашиглах үед илэрсэн үнэт металл, үнэт чулуу болон шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт зүйлийг улсад тушаах. 

3.Газрын хэвлийг ашиглагчид нь газар өмчлөх, эзэмших, ашиглах талаархи бусдын эрхийг аливаа хэлбэрээр хөндөхгүй байх үүрэгтэй бөгөөд ийм зөрчлийн улмаас тэдгээрт учруулсан хохирлыг өөрийн хөрөнгө, зардлаар нөхөн төлнө.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.Төрийн болон ашиглагч бусад байгууллага, иргэдийн ашиг сонирхлыг хангахын тулд Монгол Улсын хууль тогтоомжид заасан тохиолдолд тухайн газрын хэвлийг ашиглагчийн эрхийг хязгаарлаж болно.

21 дүгээр зүйл.Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох үндэслэл, журам

1.Газрын хэвлийг ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно:

1/газрын хэвлийг цаашид ашиглах шаардлагагүй болсон;

2/газрын хэвлийг ашиглахаар тогтоосон хугацаа дууссан;

3/төрийн буюу олон нийтийн бусад хэрэгцээнд зориулан газрын хэвлийг буцаан авах зайлшгүй шаардлага гарсан;

4/газрын хэвлийг ашиглаж байсан аж ахуйн нэгж, байгууллагыг татан буулгасан;

5/хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон.

2.Хэрэв газрын хэвлийг ашиглагч нь дор дурдсан зөрчил гаргавал газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгож болно:

1/газрын хэвлийг олгосноос хойш 3 жилийн хугацаанд ашиглаж эхлээгүй;

2/газрын хэвлийг олгосон зориулалтаас өөрөөр ашигласан;

3/энэ хуулийн 20 дугаар зүйлийн шаардлагыг биелүүлээгүй;

4/газрын хэвлийг ашиглах, хамгаалах бусад журмыг өөр хэлбэрээр ноцтой зөрчсөн.

3.Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд газрын хэвлийг аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан ашиглах талаар тогтоосон журам, нөхцөлийг зөрчвөл газрын хэвлийг ашиглах эрхийг нь дуусгавар болгож болно.

4.Газрын хэвлийг ашиглах эрхийг дуусгавар болгох өөр үндэслэлийг Монгол Улсын хууль тогтоомжоор тогтоож болно.

5.Газрын хэвлийг ашиглах эрхийг уурхайн эдэлбэр олгосон тухай акт буюу газрын хэвлийг ашиглуулах тухай зөвшөөрөл олгосон байгууллага нь акт буюу зөвшөөрлөө хүчингүй болгох замаар дуусгавар болгоно.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ХЭВЛИЙН ГЕОЛОГИЙН СУДАЛГАА

22 дугаар зүйл.Газрын хэвлийн геологийн судалгаа хийхэд тавих үндсэн шаардлага

Газрын хэвлийн геологийн судалгаа хийж байгаа Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага болон бусад байгууллага дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

1/геологийн судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй оновчтой, зөв зохистой, үр ашигтай хийх;

2/газрын хэвлийн геологийн тогтоц, түүнчлэн хайгуул хийсэн ордыг ашиглах, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих, ашиглахад нөлөөлдөг гидрогеологи, уул-техникийн болон бусад нөхцөлийг бүрэн судлах;

3/үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсгийг бүрэн илрүүлж, тэдгээрийн нөөцийн хэмжээ, чанар боловсруулах технологийг үнэн зөв тодорхойлох, ашигт малтмалын ордод геологи-эдийн засгийн үнэлгээ өгөх;

4/геологийн судалгааны ажлыг ашигт малтмалын чанарыг бууруулахгүй, зүй бус хаягдал гаргахгүй аргаар хийх;

5/газрын хэвлийгээс гаргасан чулуулаг, ашигт малтмалыг байгаль орчинд хортой нөлөө үзүүлэхгүйгээр хадгалж хамгаалах, тэдгээрийг цаашид ашиглах нөхцөлийг бүрдүүлэх;

6/ордыг ашиглах үед болон аж ахуйн бусад зориулалтаар ашиглаж болох хайгуулын малталт, өрөмдлөгийн цооногийг хүн, мал, ан амьтанд аюулгүйгээр бүрэн бүтэн байлгах, харин ашиглахгүй хайгуулын малталт, өрөмдлөгийн цооногийг дарж цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулан тухайн сум, дүүргийн Засаг даргад хүлээлгэн өгч, геологийн судалгааны ажлын дүнгээ мэдээлж бүртгүүлэх;

7/газрын хэвлийг цаашид судлах, ашигт малтмалын ордыг хайх, ашиглах, түүнчлэн газрын хэвлийг ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглахад хэрэглэж болох геологийн болон гүйцэтгэл-техникийн баримт бичиг, чулуулаг, хүдрийн дээж, цооногийн чөмөг, ашигт малтмалын сорьцын хувийг бүрэн бүтэн байлгах.

23 дугаар зүйл.Газрын хэвлийн геологийн судалгааны ажлын улсын тоо бүртгэл

1.Газрын хэвлийн геологийн судалгааг зэрэгцэн хийхгүй байх зорилгоор геологийн судалгааны ажлыг улсын бүртгэлд бүртгэнэ.

2.Улсын бүртгэлд бүртгүүлэлгүйгээр геологийн судалгаа хийхийг хориглоно.

3.Газрын хэвлийн геологийн судалгааны үр дүнг нэгтгэн ашиглах зорилгоор геологийн судалгааны ажлын үр дүн, уг ажлын явцад илрүүлсэн ашигт малтмалын орд, илрэлийн улсын тоо бүртгэл хөтөлнө.

24 дүгээр зүйл.Эрдэс түүхий эдийн жишиг

1.Ордын үйлдвэрлэлийн үнэт чанарыг тодорхойлох, түүний ашигт малтмалын нөөцийг тооцохын тулд эрдэс түүхий эдийн жишгийг орд тус бүрээр тогтооно. Энэхүү жишиг нь ашигт малтмалын хэмжээ, чанар ордыг ашиглах уул-геологийн болон бусад нөхцөлд тавих эдийн засгийн үндэслэл бүхий шаардлагын цогц байвал зохино.

2.Эрдэс түүхий эдийн жишгийг үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, түүнчлэн тэдгээрт байгаа үнэт бүрэлдэхүүн хэсгийг бүрэн гүйцэд ашиглахаар тооцож боловсруулан батлуулна.

25 дугаар зүйл.Ашигт малтмалын хайгуул хийсэн ордыг үйлдвэрийн ашиглалтад шилжүүлэх

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

26 дугаар зүйл.Ашигт малтмалын ордыг анхлан ивээгч

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
АШИГТ МАЛТМАЛЫГ ОЛБОРЛОХ, ЭРДЭС ТҮҮХИЙ ЭДИЙГ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН БОЛОН АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХООС ӨӨР ЗОРИУЛАЛТААР ГАЗАР ДООР БАРИХ БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН ЗУРАГ ТӨСӨЛ ЗОХИОХ, ТЭДГЭЭРИЙГ БАРИХ, АШИГЛАЛТАД ОРУУЛАХ

27 дугаар зүйл.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох

1.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төслийг тэдгээрийг барихаар төлөвлөж байгаа талбайн газрын хэвлийн геологийн болон бусад судалгааны материалыг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн хөгжлийн хэтийн төлөвийг харгалзан зохионо.

2.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын зураг төслийг гагцхүү ашигт малтмалын нөөцийг нь баталж, ордыг үйлдвэрийн ашиглалтад зориулан шилжүүлж, ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг нь баталсны дараа зохионо. Онцгой шаардлага гарвал ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллагын зураг төслийг Засгийн газрын зөвшөөрснөөр ашигт малтмалын нөөц батлахаас өмнө зохиож болно.

/Энэ хэсгийн сүүлчийн өгүүлбэрийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн байршлыг тэдгээрийн зураг төслийн ажил эхлэхээс өмнө зохих нутгийн захиргааны байгууллага, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон холбогдох бусад байгууллагатай тохиролцоно.

28 дугаар зүйл.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын зураг төсөл зохиоход тавих үндсэн шаардлага

1.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрын зураг төсөлд дор дурдсан үндсэн шаардлагыг тусгасан байвал зохино:

1/газар дээрх болон доорхи үйлдвэрийн газрын барилга байгууламжийн байршлыг ашигт малтмалын нөөцийг үр ашигтай, зөв зохистой ашиглах шаардлагад нийцүүлэн тогтоох;

2/үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмалын нөөц, тэдгээрт байгаа үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг газрын хэвлийгээс эдийн засгийн хувьд илүү зохистой, гүйцэд гаргаж авах шаардлагыг хангахуйц ашигт малтмалын ордын нөөцийг олборлохоор нээх арга, ашиглах системийг сонгож тогтоох;

3/ашигт малтмал олборлох тэргүүний техник технологийг нэвтрүүлэх;

4/ашигт малтмалын ордыг ашиглах үед үржил шимтэй хөрсийг тусгайлан хуулж ашиглах буюу хадгалах, уулын малталтын чулуулгийг зөв зохистой ашиглах;

5/үйлдвэрлэлийн явцад дайвраар олборлосон бөгөөд ашиглаагүй байгаа ашигт малтмал, түүнчлэн ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэн авч хадгалж хамгаалах;

6/ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрыг барих, ашиглах явцад газрын хэвлийд геологийн судалгаа хийж геологи, маркшейдерийн баримт бичгийг бүрдүүлэх;

7/хүн амын аюулгүй байдлыг хангах, газрын хэвлийн болон байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг хамгаалах.

29 дүгээр зүйл.Эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиоход тавих үндсэн шаардлага

1.Эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл энэ хуулийн 28 дугаар зүйлийн 7-д зааснаас гадна дор дурдсан шаардлагыг хангасан байвал зохино:

1/олборлосон эрдэс түүхий эдээс үйлдвэрийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялган авч чадахуйц технологи хэрэглэх;

2/боловсруулалтын хаягдлыг бүрэн гүйцэд ашиглах;

3/ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан бөгөөд ашиглаагүй байгаа үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэх, хадгалж хамгаалах.

2.Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барих барилга байгууламжийн зураг төсөл зохиох, барих, ашиглалтад оруулахдаа энэ зүйлийн холбогдох заалт болон энэ хуулийн 20 дугаар зүйлийн шаардлагыг хангасан байвал зохино.

30 дугаар зүйл.Барилга байгууламж барих, ашиглахад тавих үндсэн шаардлага

Ашигт малтмал олборлох, эрдэс түүхий эдийг боловсруулах үйлдвэрийн газрын болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламжийг энэ хуулийн 28, 29 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй зураг төслөөр барих, шинэчлэх, өргөтгөх, ашиглалтад оруулахыг хориглоно.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ГАЗРЫН ХЭВЛИЙГ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХ ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ

/Энэ бүлгийн гарчгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

31 дүгээр зүйл.Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглах журам

1.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага батлагдсан зураг төсөл, уулын ажлын төлөвлөгөө, техник ашиглалтын журмын дагуу газрын хэвлийг ашиглана.

2.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллагын техник ашиглалтын журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр холбогдох төрийн захиргааны төв байгууллага батална.

3.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчныг бохирдуулсан, түүний баялгийг зүй бусаар ашигласан, гэмтээж сүйтгэсэн зэргээс учирсан хохирлыг арилгах үүрэгтэй.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

32 дугаар зүйл.Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглахад тавих үндсэн шаардлага

/Энэ зүйлийн гарчгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Газрын хэвлийг ашигт малтмал олборлох зориулалтаар ашиглахдаа дараахь үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1/үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, түүний үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий бүрэлдэхүүн хэсгийг үр ашигтай иж бүрэн, бүрэн гүйцэд олборлох аргыг хэрэглэх;

2/ашигт малтмалын хаягдал, бохирдлыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, ордын зөвхөн баялаг хэсгийг нь сорчлон олборлохгүй байх;

3/ашигт малтмалын ордод хийвэл зохих гүйцээх болон ашиглалтын хайгуул, геологийн бусад ажил, түүнчлэн ашиглалтын геологи, маркшейдерийн ажлыг бүрэн гүйцэтгэж, техникийн зохих баримт бичгийг гүйцэд хөтлөх;

4/ашигт малтмалын нөөцийн байдал, хөдөлгөөн, хаягдал, бохирдлыг тооцож байх;

5/уулын ажлын явцад ашиглаж байгаа болон түүнтэй зэрэгцэн оршиж байгаа ордыг гэмтээхгүй байх, нөөцөд үлдээсэн ашигт малтмалыг хадгалж хамгаалах;

6/үйлдвэрлэлийн явцад дайвраар олборлосон бөгөөд ашиглаагүй байгаа ашигт малтмал, ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэх, хадгалах;

7/уулын малталтын чулуулаг, үржил шимтэй хөрс, үйлдвэрлэлийн хаягдлыг зөв зохистой ашиглах байршуулах;

8/ажиллагчид болон хүн амын аюулгүй байдлыг хангах, газрын хэвлий, байгаль орчны бусад объект, барилга байгууламжийг хамгаалах, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, ордыг ашиглаж дууссаны дараа тогтоосон журмын дагуу дарах буюу улс ардын аж ахуйн хэрэгцээнд цаашид ашиглаж болохуйцаар засаж тохижуулах.

33 дугаар зүйл.Эрдэс түүхий эдийг боловсруулахад тавих үндсэн шаардлага

Эрдэс түүхий эдийг боловсруулахдаа дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

1/эрдэс түүхий эдэд байгаа ашигтай бүрэлдэхүүн хэсгийг иж бүрэн, бүрэн гүйцэд ялган авах технологи хэрэглэх;

2/эрдэс түүхий эдийн ашигтай бүрэлдэхүүн хэсгийн ялгарцын түвшин, хэмжээг боловсруулалтын шат бүрт бүртгэж, хяналт тавьж байх;

3/эрдэс түүхий эдийн найрлага, технологийн шинж чанарыг цаашид судлан, боловсруулалтын технологийг боловсронгуй болгох;

4/эрдэс түүхий эдийг боловсруулахад гарсан хаягдлыг ашиглах;

5/ашигтай бүрэлдэхүүн хэсгийг агуулсан бөгөөд ашиглаагүй байгаа үйлдвэрлэлийн хаягдлыг бүртгэн тооцож хамгаалж байх.

34 дүгээр зүйл.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах, нөөцөд үлдээх

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

35 дугаар зүйл.Түрээслэгч нь газрын хэвлийг бусдад ашиглуулах

Уурхайн эдэлбэр түрээслэгч нь ордыг үйлдвэрлэлийн аргаар ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон хэсгийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд ажил гүйцэтгэх гэрээгээр ашиглуулж болно.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

 


ТАВДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ХЭВЛИЙГ АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОХООС ӨӨР ЗОРИУЛАЛТААР АШИГЛАХ

36 дугаар зүйл.Газрын хэвлийг ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглах журам

1.Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламж барих, ашиглах болон бусад ийм зорилгоор газрын хэвлийг ашиглахдаа эрх бүхий байгууллагын зөвшөөрч баталсан зураг төслийг баримтална.

2.Зураг төсөлд үйлдвэрлэлийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг хор хөнөөлгүй болгох буюу тэдгээрийг тогтоосон хилийн дотор тусгайлан хадгалж хамгаалах, газрын гадарга, уулын малталт, усны обьектод нэвтрэхээс сэргийлэх арга хэмжээг тусгана.

3.Энэ зүйлд заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон тусгай эрх бүхий төрийн бусад байгууллага нь үйлдвэрлэлийн хаягдал, бохир ус, хортой болон бусад бодисыг газар доор хамгаалан булах буюу урсгах, хадгалахыг таслан зогсоох, хориглох үүрэгтэй.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ХЭВЛИЙГ АШИГЛАХ АЖЛЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

37 дугаар зүйл.Газрын хэвлийг ашиглах ажлын аюулгүй байдлыг хангах

1.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газрыг болон ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар газар доор барилга байгууламжийг барих, шинэчлэх, өргөтгөх, ашиглах, геологи хайгуулын болон газрын хэвлийг ашиглахтай холбогдсон бусад ажил гүйцэтгэхдээ хүн амын аюулгүй байдлыг хангах, ажиллагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлагыг хангасан байвал зохино.

2.Газрын хэвлийг ашиглаж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээний биелэлтийг хангах үүргийг тэдгээрийн эрх баригчид хүлээх бөгөөд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын салбар, нэгж бүрт уг дүрэм, хэм хэмжээний биелэлтэд хяналт тавих ажлыг тодорхой ажилтанд тухайлан хариуцуулсан байвал зохино.

38 дугаар зүйл.Газрын хэвлийг ашиглах явцад аюулгүй байдлыг хангах үндсэн шаардлага

1.Газрын хэвлийг ашиглахдаа дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

1/аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг бүх ажилчин, албан хаагчдаар судлуулж мөрдүүлэх;

2/аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх;

3/ажиллагчдын амь насанд аюултай нөхцөл байдал бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, тэднийг аюулгүй газарт гаргаж, уг нөхцөл байдлыг арилгаж хэвийн болгох шаардлагатай арга хэмжээг шуурхай авах;

4/аюулгүй ажиллагааны болон ариун цэврийн дүрэм, хэм хэмжээний шаардлагад тохирсон машин техник, тоног төхөөрөмж, материал, ажлын тусгай хувцас, бие хамгаалах бусад хэрэгслээр хангаж хэрэглүүлж байх;

5/тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг зохих ёсоор бүртгэн тооцох, хадгалах, зарцуулах, аюул осолгүй хэрэглэх.

2.Уулын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь уурхайн доторхи агаарын найрлагыг сайжруулах, уулын ажлын технологи, аюулгүй ажиллагааны арга, техник хэрэгслийг боловсронгуй болгох асуудлыг тусгасан, мэргэжлээс шалтгаалах өвчин, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн техник, зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээ авч уулын ажил гүйцэтгэдэг ажилтан, албан хаагчдын аюул осолгүй, хэвийн ажиллаж, амьдрах нөхцөл болон ариун цэврийн дүрэм, хэм хэмжээг байнга боловсронгуй болгож байна.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3. /Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.Уулын малталт нь газар доор ажиллаж байгаа хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохоор буюу уурхайн доторхи агаарын хүчилтөрөгч, хортой болон тэсрэх аюултай хий, тоосны хэмжээ, түүнчлэн агаарын халуун, хүйтэн нь аюулгүй ажиллагааны болон ариун цэврийн дүрэм, хэм хэмжээний шаардлагад тохирохгүй байвал уулын ажил гүйцэтгэхийг хориглоно.

5.Уулын болон тэсэлгээний ажил удирдахыг зохих тусгай мэргэжлийн ажилтанд, тэсэлгээний ажил хийхийг тийм ажил эрхлэн гүйцэтгэх эрх бүхий хүмүүст тус тус зөвшөөрнө.

39 дүгээр зүйл.Уулын ажил гүйцэтгэж байгаа хүмүүсээс аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг сахин биелүүлэх талаар гүйцэтгэх үүрэг

Уулын ажил гүйцэтгэж байгаа хүмүүс дор дурдсан үүрэгтэй байна:

1/аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээний шаардлагыг чанд сахин биелүүлэх;

2/ажлын байр, тоног төхөөрөмжийг тогтмол шалган, аюулгүй ажиллагааны дүрэм, хэм хэмжээг гажуудуулсан зөрчлийг нэн даруй арилгах арга хэмжээ авах;

3/ажил дээрээ тусгай хувцас, бие хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх;

4/ажил гүйцэтгэхдээ аюул осол, золгүй тохиолдолд хүргэж болзошгүй арга хэрэглэхийг цээрлэх;

5/аюул осол гарч болох нөхцөл байдал бүрдвэл ажлаа зогсоож, энэ тухай ажил удирдаж байгаа хүнд нэн даруй мэдэгдэж, аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах төлөвлөгөөг чанд баримтлан ажиллах.

40 дүгээр зүйл.Уул уурхайн аврах алба

1.Уулын ажлын аюул ослоос урьдчилан сэргийлэх, аюул ослын үр дагаврыг арилгах үүрэг бүхий уул уурхайн аврах албыг тусгай дүрмийн дагуу байгуулж ажиллуулна.

2.Ашигт малтмал олборлох аж ахуйн нэгж, байгууллага энэхүү албаны үйлчилгээнд хамрагдана.

3.Уул уурхайн аюул ослоос аврах үйл ажиллагааны дүрмийг холбогдох яам, тусгай газар, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцож батална.

/Энэ хэсгийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.Ашигт малтмал олборлох үйлдвэрийн газарт аюул осол гарсан тохиолдолд нутгийн захиргааны байгууллага, түүнчлэн аж ахуйн нэгж, байгууллага харьяалал харгалзахгүйгээр тээврийн хэрэгсэл, материал тоног төхөөрөмж, эмийн зүйл олгох, холбооны хэрэгслээр үйлчлэх, аюул ослын үр дагаврыг арилгахад шаардагдах бусад тусламж үзүүлэх үүрэгтэй.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
ГАЗРЫН ХЭВЛИЙГ ХАМГААЛАХ

41 дүгээр зүйл.Газрын хэвлийг хамгаалах талаар тавих үндсэн шаардлага

1.Монгол Улсын газрын хэвлий нь улсын хамгаалалтад байна.

2.Газрын хэвлийг хамгаалахдаа дор дурдсан үндсэн шаардлагыг хангасан байвал зохино:

1/газрын хэвлийн геологийн судалгааг иж бүрэн гүйцэд хийх;

2/газрын хэвлийг ашиглуулахаар олгох журмыг чанд сахин биелүүлэх, түүнийг дур мэдэн ашиглах явдлыг гаргуулахгүй байх;

3/үндсэн болон түүнтэй хамт орших ашигт малтмал, тэдгээрт байгаа бүрэлдэхүүн хэсгийн нөөцийг зөв зохистой, и ж бүрэн, бүрэн гүйцэд ашиглах;

4/ашигт малтмалын нөөцийг ашиглахад үүсч болзошгүй аюул, хортой нөлөөнөөс газрын хэвлийг хамгаалах;

5/ашигт малтмалын ордыг усанд автах, үер, гал түймрээс болон ашигт малтмалын чанар, ордын үйлдвэрийн үнэт чанарыг бууруулах буюу түүний ашиглалтыг хүндрүүлж болох бусад хүчин зүйлээс сэргийлэн хамгаалах;

6/ашигт малтмал бүхий талбайд барилга байгууламж дур мэдэн барих, уг талбайг ашиглах талаар тогтоосон журмыг зөрчихөөс урьдчилан сэргийлэх;

7/ашиглаж байгаа болон нөөцөд үл

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР