УСНЫ ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

2019-05-18

МОНГОЛ  УЛСЫН  ХУУЛЬ

2012 оны 05 сарын 17 өдөр

 

Улаанбаатар хот

 

УСНЫ  ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


  НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ  

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь  усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Усны тухай хууль тогтоомж

2.1.Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

            3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах  нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“усны нөөц” гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газарт байгаа  гадаргын ус болон газрын доорх усыг;

3.1.2.“ашиглах боломжит нөөц” гэж усны сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр тодорхой хугацаанд ашиглаж болох усны нөөцийн хэмжээг;

3.1.3.“усны сав газар” гэж гадаргын ус хурах талбай болон газрын доорх усны нөөцийг бүрдүүлэх тэжээгдлийн муж, тархалтын талбайг хамарсан орон зайг;

3.1.4.“усны сан бүхий газар” гэж  нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;

3.1.5.”гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг;

3.1.6.“усны эх үүсвэр” гэж  ус хангамжийн эх үүсвэрт ашиглаж байгаа усны нөөц болон гол мөрний урсац бүрэлдэх эхийг;

3.1.7.“рашаан” гэж физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийн  ус, шаврыг;

3.1.8.“рашааны орд“ гэж газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг;

3.1.9.“онцгой болон энгийн хамгаалалтын бүс” гэдэгт усны сан бүхий газар, усны эх үүсвэр, рашааны ордыг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;

3.1.10.“эрүүл ахуйн бүс” гэдэгт ус хангамжийн эх үүсвэр болон рашааны ордыг хамгаалах зорилгоор тогтоосон зурвас газрыг;

3.1.11.“хилийн ус” гэж Монгол Улсын хилийн шугамын дагуу буюу огтлон оршиж буй гадаргын ба газрын доорх усыг;

3.1.12.“усан сан” гэж усны нөөцийг хуримтлуулах, ашиглах зориулалтаар бий болгосон хиймэл нуур, хөв, цөөрмийг; 

3.1.13.“усны барилга байгууламж” гэж усны түрэлт, урсацыг тохируулах, ус хуримтлуулах, хадгалах, дамжуулах, хуваарилах, түгээх, ариутгах, цэвэрлэх, түүний  чанарыг  сайжруулах, газрын доорх ус олборлох, усны үер, гамшгаас хамгаалах энгийн болон инженерийн хийц бүхий  барилга байгууламжийг;

3.1.14.”услалтын систем” гэж бэлчээр, хадлан, тариаланг услах зорилгоор гадаргын болон газрын доорх ус хуримтлуулах, дамжуулах, хуваарилах, түгээх, илүүдэл усыг зайлуулах зориулалт бүхий усны барилга байгууламж, тоног төхөөрөмжийг багтаасан цогцолборыг; 

3.1.15.“ус хангамжийн эх үүсвэр” гэж худаг, татах, цуглуулах, цэвэршүүлэх байгууламж, түгээх зориулалт бүхий усны барилга  байгууламжийг;

3.1.16."усны нөөцийн менежментийн  төлөвлөгөө" гэж сав газрын усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагааг нэгдмэл байдлаар зохицуулах баримт бичгийг;  

3.1.17.”усны экологи-эдийн засгийн үнэлгээ” гэж усны нөөцийн байгалийн үнэ цэнэ, өгөөж, хэмжээ, чанар, хэрэглээний ач холбогдлыг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;

                                

3.1.18.“усны нөөцийн хомсдол” гэж усны нөөц багасах, усны чанар, байгалийн үнэ цэнэ, өгөөж доройтохыг;

3.1.19.“усны бохирдол” гэж хүний шууд ба шууд бус үйл ажиллагааны улмаас байгалийн усны найрлага өөрчлөгдөж,  усны чанар доройтохыг;

3.1.20.”усны чанар” гэж усны чанарын стандартад нийцэх эсэхийг илэрхийлэх физик, хими, биологийн цогц шинж чанарыг;

3.1.21.“усны чанарын стандарт” гэж усны хими, физик, биологийн шинж чанарын үзүүлэлтүүд нь хүний эрүүл мэнд, усан орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх хэм хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;

3.1.22.“бохирдуулах бодис” гэж хаягдал усанд агуулагдаж, хүрээлэн байгаа орчныг бохирдуулж байгаа бодис, тэдгээрийн хольцыг;

3.1.23.“аюултай бохирдуулах бодис” гэж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан жагсаалтад орсон бодисыг;

3.1.24.“хаягдал ус” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарч байгаа бохир ус, шингэн хаягдлыг;

3.1.25.“хаягдал усны стандарт” гэж усны бохирдлын эх үүсвэрээс гарч байгаа хаягдал усанд байж болох бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг эрх бүхий байгууллагаар баталгаажуулсныг;

3.1.26.“ариутгах татуургын сүлжээнд нийлүүлэх хаягдал бохир усны стандарт” гэж ариутгах татуургын сүлжээнд нийлүүлж болохыг тогтоосон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэлтээс гарах хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээг;

3.1.27.“ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ  ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

3.1.28.“ус хэрэглэгч” гэж ашиг олох зорилгогүйгээр унд, ахуйн болон гэр бүл, өрхийн хэрэгцээний мал аж ахуй, газар тариаланд ус, усан орчинг ашигладаг хэрэглэгчийг;

3.1.29.“ус бохирдуулагч” гэж ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж, хаягдал ус гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

3.1.30.“усны тоо, бүртгэл” гэж  усны сан бүхий газар, ус хангамжийн  эх үүсвэрийн тоо, хэмжээ, чанар, ашигласан болон хаягдал усны хэмжээ, ус бохирдуулагч эх үүсвэрийн  тооллого явуулж бүртгэх үйл ажиллагааг;

3.1.31.“ус ашигласны төлбөр” гэж  ус, рашааны нөөцийг ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашигласны төлөө төлөх төлбөрийг;

3.1.32.“ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг;

3.1.33.“ус бохирдуулсны нөхөн төлбөр” гэж хаягдал усны стандартаас хэтэрсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөрийг;

3.1.34.“гол мөрний татам” гэж голын голдирлын эргээс эхний дэнж хүртэлх нугын зурвас бүсийг.

4 дүгээр зүйл.Усны нөөцийн нэгдсэн менежмент

4.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дэх усны нөөц нь стратегийн үнэт баялаг мөн.

4.2.Усны сан бүхий газрыг төрийн байгууллагын зохицуулалттайгаар нийтээр ашиглана.

4.3.Усыг ашиглах боломжит нөөцийн хүрээнд үр ашигтай, хэмнэлттэй байдлаар ашиглах зарчим баримтална.

4.4.Энэ хуулийн 21.1-д заасан мэргэжлийн байгууллага нь усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг хайгуул, судалгаагаар тогтооно.

4.5.Усны нийт нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг усны нөөцийн зөвлөл батална.

4.6.Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн усны нөөцийн зөвлөлийг байгуулж, дүрэм, бүрэлдэхүүнийг батална.

4.7.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны сав газрын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөө /цаашид “сав газрын менежментийн төлөвлөгөө” гэх/-г энэ хуулийн 4.4-т заасан ашиглах боломжит нөөцийн хэмжээг үндэслэн боловсруулна.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.8.Сав газрын менежментийн төлөвлөгөөг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн  батална.

4.9.Гадаргын болон газрын доорх уснаас ашиглах боломжит нөөцийн дээд хязгаарыг усны сав газар /цаашид “сав газар” гэх/ бүрээр байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

4.10.Энэ хуулийн 10.1.2-т заасан сав газар нь сав газрын захиргаатай байх бөгөөд сав газрын захиргааг мэргэжлийн удирдлагаар хангах үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.11.Усны нөөц нь экологи-эдийн засгийн үнэлгээтэй байна.

5 дугаар зүйл.Усны хайгуул, судалгаа

5.1.Энэ хуулийн 4.4-т заасан усны нөөц, түүнээс ашиглах боломжит нөөцийн хэмжээг тогтоох хайгуул, судалгааны ажлыг улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

5.2.Тодорхой бүс нутгийн гидрогеологийн болон гидрологийн хайгуул судалгаа, улсын зэрэглэлтэй хот, бусад хот, тосгон, суурин газрын ус хангамжийн эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

5.3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах усны эх үүсвэрийн хайгуул, судалгаа явуулах шийдвэрийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргах бөгөөд энэ ажлыг захиалагч өөрийн хөрөнгөөр санхүүжүүлнэ.  

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

           

5.4.Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан усны хайгуул, судалгаа явуулсан байгууллага нь хайгуул, судалгааны ажлын дүнг усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулан, мэдээ, тайланг улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

           

5.5.Гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ судалгаа явуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6 дугаар зүйл.Усны хяналт-шинжилгээний сүлжээ

6.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь усны нөөц, горим, чанарын төлөв байдал, өөрчлөлтөд байнгын ажиглалт, хэмжилт, судалгаа шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, мэдээллээр хангах зорилго бүхий усны хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээг зохион байгуулж ажиллуулна.

6.2.Усны хяналт-шинжилгээний улсын нэгдсэн сүлжээ байнгын ажиллагаатай дараах хэсгээс бүрдэнэ:

6.2.1.улсын хяналт-шинжилгээний сүлжээ;

6.2.2.сав газрын хяналт-шинжилгээний нэгж;

6.2.3.аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналтын цэг.

           

6.3.Байгаль орчны асуудал эрхэлсэн  төрийн захиргааны төв байгууллага усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг баталж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд хяналт-шинжилгээний хөтөлбөрт усны сан бүхий газар, газрын доорх усны ордын нэр, хяналт-шинжилгээний харуул, өртөө, цооногийн тоо, байршил, шинжилгээний төрөл, арга зүй, хариуцан гүйцэтгэгчийг тус тус заана. 

6.4.Энэ хуулийн 6.2.1, 6.2.2-т заасан сүлжээ, нэгжийг тоног төхөөрөмжөөр хангах болон ажиллуулах үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

6.5.Усны хяналт-шинжилгээний дүн мэдээг гүйцэтгэгч улсын усны мэдээллийн санд хүлээлгэн өгөх үүрэгтэй.

7 дугаар зүйл.Усны мэдээллийн сан, тоо бүртгэл

           7.1.Улсын усны мэдээллийн сан нь гадаргын болон газрын доорх ус, рашааны төлөв байдал, орон зайн үзүүлэлт, усны нөөцийн нийт болон ашиглах боломжит хэмжээ, чанар, өөрчлөлт, хяналт-шинжилгээний дүн мэдээ, ус ашиглалт, хаягдал ус зайлуулахтай холбогдсон мэдээ, экологи-эдийн засгийн үнэлгээ, ус хэрэглэгч, ашиглагчийн тухай мэдээлэл, хайгуул, судалгааны тайлан, усны барилга байгууламжийн байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлт зэрэг мэдээллээс бүрдэнэ.

7.2.Улсын усны мэдээллийн сан бүрдүүлэх үзүүлэлт, хөтлөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

7.3.Усны тоо бүртгэлийг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тухайн шатны Засаг дарга жил бүр зохион байгуулж, улсын усны мэдээллийн санд оруулна.

7.4.Усны мэдээллийн сангийн мэдээлэлд үндэслэн улсын  усны төлөв байдлын тайланг жил бүр байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.5.Ус ашиглагч, хэрэглэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон мэдээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон энэ хуулийн 17 дугаар зүйлд заасан сав газрын захиргаанд  гаргаж өгөх үүрэгтэй.

/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
УСНЫ  ХАРИЛЦААНЫ ТАЛААРХ  ТӨРИЙН БОЛОН БУСАД БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

8  дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

8.1.Улсын Их Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг  тогтоох;

8.1.2.томоохон гол мөрний урсацад тохируулга хийх, шилжүүлэн ашиглах асуудлыг шийдвэрлэх;

8.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

9  дүгээр зүйл.Засгийн газрын бүрэн эрх

  

9.1.Засгийн газар усны харилцааны талаар дараах  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.улсын усны нөөцийн нэгдсэн менежментийн төлөвлөгөөг батлах;

9.1.2.хилийн усны талаар хөрш орнуудтай хэлэлцээр байгуулах;  

9.1.3.усны нөөцийн  экологи-эдийн засгийн үнэлгээг батлах;

9.1.4.энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад голын  урсацад тохируулга хийж, усны хуримтлал бий болгох,  шилжүүлэн ашиглах асуудлыг шийдвэрлэх;

9.1.5.усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий үндэсний хороо ажиллуулах;

9.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

10 дугаар зүйл.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

10.1.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1.энэ хуулийн 9.1.1-д заасан төлөвлөгөөг нэгтгэн боловсруулж батлуулах, түүнийг хэрэгжүүлэх бодлого, салбар дундын болон бүс нутгийн зохицуулалтаар хангах;

10.1.2.Монгол Улсын гол, мөрөн, түүний сав газрын хэмжээ байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарилалт байгалийн болон  засаг захиргааны хил хязгаарыг үндэслэн сав газрыг байгуулж, сав газрын захиргааны бүтэц, зохион байгуулалтыг батлах;

10.1.3.усны нөөцийг тооцоолох, усны тоо бүртгэл явуулах, усны нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоох, усны хяналт-шинжилгээ хийх, усны сан бүхий газрыг нөхөн сэргээх, уст цэг, усны барилга байгууламжийг ашиглах, эзэмших, ус ашиглалт, хэрэглээг тоолууржуулахтай холбогдсон журам, зааврыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж, батлах;

10.1.4.сав газрын менежментийн төлөвлөгөөний аргачилсан зааврыг боловсруулж батлах;

10.1.5.усны хайгуул, судалгаа хийх мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах;

10.1.6.усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах;

10.1.7.хилийн усны талаарх олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх;

10.1.8.голын голдирлыг өөрчлөх асуудлаар шийдвэр гаргах;

10.1.9.улсын мэдээллийн сангийн бүрдүүлэлтэд хяналт тавих;

10.1.10.эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран рашааныг зохистой ашиглах, хамгаалах журам батлах;

10.1.11.сав газрын захиргааны даргыг томилох, чөлөөлөх;

10.1.12.ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтыг батлах;

10.1.13.энэ хуулийн 5.2-т заасан хайгуул судалгааны ажлыг зохион байгуулах;

10.1.14.усны хайгуул, зураг төсөл, судалгааны төлөвлөгөө боловсруулж батлах, хэрэгжүүлэх, хайгуул, судалгааны ажлын явцад хяналт тавих;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.15.усны ашиглах боломжит нөөцийн хэмжээг сав газрын хэмжээнд ашиглалтын зориулалт бүрээр тогтоон боловсруулах, мөрдүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.16.энэ хуулийн 4.9-д заасан усны нөөцийн дээд хязгаарыг тогтоох санал боловсруулах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.17.улсын усны мэдээллийн санг бүрдүүлж хөтлөх, усны төлөв байдалтай холбогдолтой мэдээллээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг хангах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.18.улсын усны тоо бүртгэл, статистикийн мэдээллийг нэгтгэн боловсруулах, усны нөөц, ус ашиглалтын тайланг улсын хэмжээнд нэгтгэн гаргах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.19.усны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцох аргачлал, зааврыг боловсруулах, усны нөөцөд учруулсан хохирлыг тооцох;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.20.ус хэмнэх, хаягдал усыг цэвэрлэх, дахин ашиглах техникийн нөхцөл, стандартыг дэвшилтэт технологи, шинжлэх ухааны ололтод тулгуурлан боловсруулах,  хэрэгжилтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.21.сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн байгаль хамгаалагчийг усны харилцааны талаарх нэгдмэл удирдлагаар хангах, энэ хуулийн 28.4-т заасны дагуу гаргасан сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны дүгнэлт, түүнчлэн усны мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.22.голын голдирлыг өөрчлөх,урсацад тохируулга хийх, усны сан бүхий газрын ашиглалтын төсөлд мэргэжлийн дүгнэлт гаргах;      

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.23.цооног өрөмдөх, худаг гаргах, усны барилга байгууламж барих, ашиглах судалгаа хийх,  дүгнэлт гаргах;  

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.24.ган, цөлжилт, хуурайшилтын үед усны нөөц хомсдох, бохирдсон тохиолдолд тухайн сав газарт ус ашиглагчийн ашиглах усыг хуваарилах, хязгаарлах, ус, түүний орчныг нөхөн сэргээх зорилгоор ус ашиглахыг тодорхой хугацаагаар түр хориглох;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.25.рашааны эмчилгээний чанарыг тогтоосон стандартыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран боловсруулж батлуулах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.26.улсын нөөцөд бүртгэгдсэн рашааныг эмчилгээ-сувилгаа, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар  ашиглах талаар дүгнэлт гаргах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.27.хадлан, бэлчээр, тариаланг усжуулах инженерийн хийцтэй услалтын систем барих ажлын хайгуул, судалгаа, зураг төсөлд мэргэжлийн дүгнэлт хийж, байгаль орчны болон, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.28.гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага усны сан бүхий газарт ус, усан орчинтой холбоотой шинжилгээ, судалгаа явуулах эсэх талаар шийдвэр гаргах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.29.усны чанарын болон хаягдал усны стандартыг боловсруулж, эрх бүхий байгууллагатай хамтран батлах;

/Энэ заалтыг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/

10.1.30.хуульд заасан бусад бүрэн эрх.

/Энэ заалтын дугаарт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11 дүгээр зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх

            11.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал усны харилцааны талаар  дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.усны тухай хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд хяналт тавих, энэ талаарх Засаг даргын тайланг хэлэлцэж, дүгнэлт өгөх;

11.1.2.усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчинг нөхөн сэргээх, усны хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар сав газрын захиргаа, Засаг даргаас оруулсан төлөвлөгөө, хөтөлбөрийг хэлэлцэж, батлах;

11.1.3.Засаг даргын саналыг үндэслэн усны эх үүсвэрийг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэр гаргах, хамгаалалтын бүсийн заагийг тогтоох, хамгаалах;

11.1.4.Энэ хуулийн  22.1-22.4-т заасны дагуу усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс, ус хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг хот, суурины ариутгах татуургын асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн тогтоох;

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

12 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

            12.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1.усыг хамгаалах, зохистой ашиглах, хуримтлуулах, нөхөн сэргээх, үерийн аюул, болзошгүй хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, уршгийг арилгах арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсөв, хөрөнгийн хэмжээг тодорхойлж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, хэрэгжүүлэх;

12.1.2.улсын зэрэглэлтэй хотын төвлөрсөн ус хангамжийн  эх үүсвэрийн хайгуул, судалгааны захиалга гаргаж, байгаль орчны болон барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;

12.1.3.ус, усан орчинг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, усны барилга  байгууламжийг барихтай холбогдсон үйл ажиллагааг  зохион байгуулах;

12.1.4.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийн хэрэгжилтийг хангах;

12.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.

13 дугаар зүйл.Сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх     

           

13.1.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 12.1.1, 12.1.3-т зааснаас гадна  усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.1.1.усыг үйлдвэрлэлийн зориулалтаар зөвшөөрөлгүй ашиглах, дур мэдэн цооног гаргасан үйл ажиллагааг таслан зогсоох;

13.1.2.Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад  рашааныг  ашиглуулах гэрээ байгуулж, биелэлтэд хяналт тавих;

13.1.3.усны нөөц хомсдох, гол, горхи, нуур, булаг, шанд, рашаан, худгийн ус ширгэх, бохирдох тохиолдолд тухайн эх үүсвэрээс ус ашиглахыг зогсоох, тэдгээрийг нөхөн сэргээх, ойжуулах, ургамалжуулах талаар шийдвэр гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэх;

13.1.4.мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн нутаг дэвсгэртээ хаягдал ус зайлуулах цэг тогтоох;

13.1.5.энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрөл олгох;

13.1.6.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, тэжээгдлийн мужийг тэмдэгжүүлж, бүсийн дэглэмийг мөрдүүлэх;

13.1.7. хуульд заасан бусад бүрэн эрх.

14 дүгээр зүйл.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын бүрэн эрх

            14.1.Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1.нутаг  дэвсгэртээ усны тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох;

14.1.2.багийн нутаг дэвсгэрт байгаа худаг, усан сан, услалтын системийн ашиглалт, эзэмшлийг зохицуулах, бэлчээр, хадлан, тариаланг усжуулах зорилгоор худаг гаргах, хөв, усан сан, услалтын систем байгуулах талаар Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх;

14.1.3.хуульд заасан бусад бүрэн эрх.

15 дугаар зүйл.Баг, хорооны Засаг даргын бүрэн эрх

15.1.Баг, хорооны Засаг дарга усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1.усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, зохистой ашиглах, усны орчинг нөхөн сэргээх тухай хууль тогтоомж, эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулж хангах;

15.1.2.гол, горхи, булаг, шанд, рашааны эхийг хамгаалах, тохижуулах, мод тарих, ургамалжуулах, ундаргыг нэмэгдүүлэх, бохирдлоос сэргийлэх арга хэмжээнд иргэдийг татан оролцуулах;

15.1.3.нутаг дэвсгэртээ байгаа уст цэгийн ашиглалт, хамгаалалт, эзэмшилтэд хяналт тавих;

15.1.4.усны онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг сахиулах;

15.1.5.хуульд заасан бусад эрх.

16 дугаар зүйл.

/Энэ зүйлийг 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

           17 дугаар зүйл.Сав газрын захиргааны бүрэн эрх

17.1.Сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг тухайн сав газартаа хэрэгжүүлнэ:

17.1.1.сав газрын менежментийн төлөвлөгөөний төсөл боловсруулах;

17.1.2.сав газрын менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх орон нутгийн болон салбар дундын зохицуулалтыг хангах, хэрэгжилтэд хяналт тавих;

17.1.3.бүх шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг мэргэжлийн зөвлөмжөөр  хангах;

17.1.4.усны тоо бүртгэлийг жил бүр сав газрын хэмжээнд нутгийн захиргааны байгууллагатай хамтран зохион байгуулж,  байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.5.сав газрын усны мэдээллийн дэд санг эрхэлж, олон нийтийг мэдээллээр хангах;

17.1.6.ус ашиглах зорилгоор цооног өрөмдөх, суваг хоолой татах тухай иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг хүлээн авч, усны нөөцийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн энэ хуулийн 28.4-т заасны дагуу ус ашиглуулах дүгнэлт гаргах, мэдээллийн санд оруулж бүртгэх;

17.1.7.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулах үндэслэлийг тодорхойлох;

17.1.8.сав газрын хэмжээнд ус хангамжийн эх үүсвэрийн болон хаягдал ус зайлуулах цэг тогтоох;

17.1.9.ус ашиглах, хаягдал ус зайлуулах шаардлагыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын ус ашиглах, хаягдал ус зайлуулах эрхийг цуцлах дүгнэлт гаргах, байгальд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах;

17.1.10.сав газрын хэмжээнд ашиглах боломжит усны нөөц, ус ашиглалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллах; 

17.1.11.сав газрын зөвлөл байгуулах тухай саналыг харьяалагдах орон нутгийн захиргаатай зөвшилцөн боловсруулж,  байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад оруулах;

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

17.1.12.гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авах үндэслэлийг боловсруулах;

17.1.13.хуульд заасан бусад бүрэн эрх.

17.2.Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ.

18 дугаар зүйл.Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны бүрэн эрх

18.1.Аймаг, нийслэлийн байгаль орчны алба нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

18.1.1.усны тухай хууль тогтоомжийн биелэлтийн явцад хяналт тавьж, үр дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.1.2.аймаг, нийслэлийн усны мэдээллийн санг бүрдүүлж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, сав газрын захиргааг мэдээллээр хангах;

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.1.3.усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, усан орчинг нөхөн сэргээх, ус хангамж, ариутгах татуургын болон хаягдал ус зайлуулах үйл ажиллагаанд хяналт тавих;

18.1.4.ус ашиглагчид сав газрын захиргааны шийдвэр, энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг  үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгож, гэрээ байгуулах, усны мэдээллийн санд бүртгэх;

18.1.5.ус, рашааны тоо бүртгэлийн дүнг нэгтгэж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллага, сав газрын захиргаанд хүргүүлэх;

/Энэ заалтад 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

18.1.6.хуульд заасан бусад бүрэн эрх.

19 дүгээр зүйл.Сум, дүүргийн байгаль хамгаалагчийн бүрэн эрх

19.1.Сум, дүүргийн байгаль хамгаалагч усны харилцааны талаар дараах  бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

19.1.1.хариуцсан нутаг дэвсгэртээ усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгах арга хэмжээ авах;    

19.1.2.ус ашигласны болон бохирдуулсны төлбөрийг хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төлөлтөд хяналт тавих;          

19.1.3.орон нутагтаа ус, рашааныг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг  сав газрын захиргаатай хамтран хэрэгжүүлэх; 

19.1.4.энэ хуулийн 28.6-д заасан зөвшөөрлийг үндэслэн ус ашиглагчтай гэрээ байгуулан эрхийн бичиг олгож бүртгэх, мэдээллийг сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны албанд  хүргүүлэх.

20 дугаар зүйл.Сав газрын зөвлөл

20.1.Сав газрын захиргааны дэргэд сав газрын усны менежментийн төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт, зөвлөмж өгөх, хяналт тавих, олон талын оролцоог хангах үүрэг бүхий орон тооны бус усны сав газрын  зөвлөл /цаашид  “сав газрын зөвлөл” гэх/- ийг байгуулна.

20.2.Сав газрын зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны төлөөлөл, байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын алба, төрийн бус байгууллага, сум, дүүргийн иргэн, ус ашиглагч, эрдэмтэн, судлаач, усны мэргэжлийн байгууллагын төлөөлөл орсон байна.

20.3.Сав газрын зөвлөлийг байгуулах, ажиллах нийтлэг журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 

20.4.Сав газрын зөвлөл нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

20.4.1.ус хамгаалах, зохистой ашиглах шийдвэр гаргахад иргэдийн саналыг тусгуулах;

20.4.2.усны нөөцийг хуримтлуулах, ашиглах, томоохон уул уурхайн үйлдвэрлэл эрхлэх болон далан, суваг барих төсөлд санал өгөх;

20.4.3.сав газрын захиргааны усны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах шийдвэр гаргуулах, хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллагад  санал хүргүүлэх;

20.4.4.ус ашиглагч нь гэрээ болон энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан үүргээ бүрэн гүйцэд хангаж байгаа эсэхэд хяналт тавих;

20.4.5.ус ашиглагч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр хүлээсэн сөрөг нөлөөллийг бууруулах, учирсан хохирлыг арилгах, нөхөн сэргээх үүргээ бүрэн гүйцэд биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

20.4.6.усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалт, эрүүл ахуйн бүсийн дэглэмийн мөрдөлтөд хяналт тавих;

20.4.7.урсац бүрэлдэх эх, усны эх үүсвэрийн орчмыг  хамгаалах, ойжуулах, тохижуулах, нөхөн сэргээх арга хэмжээг нутгийн иргэдийн дэмжлэг, санаачилга, мэргэжлийн байгууллагын хүчийг нэгтгэн  зохион байгуулах;

20.4.8.усны барилга байгууламжийн зураг төсөл усны нөөцөд сөрөг нөлөөтэй нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр батлагдвал барьж байгуулах ажлыг түдгэлзүүлэх  саналыг эрх бүхий байгууллагад гаргах;  

20.4.9.ус ашиглахтай холбогдсон сав газрын захиргааны дүгнэлтийг хүчингүй болгох саналыг эрх бүхий байгууллагад гаргах.

                         

21 дүгээр зүйл.Усны мэргэжлийн байгууллага

21.1.Усны хайгуул, судалгаа явуулах, цооног өрөмдөх, усны барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах, түүнийг барих, тоноглох, ус хэмнэх технологи нэвтрүүлэх, усны шинжилгээ, аудит хийх ажлыг усны мэргэжлийн  байгууллага гүйцэтгэнэ.

21.2.Усны нөөцийн хайгуул, судалгааны ажлыг эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг зөвхөн дотоодын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид олгоно.

21.3.Усны мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, гүйцэтгэх үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

21.4.Усны мэргэжлийн байгууллагын эрхийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага таван жилийн хугацаагаар олгох бөгөөд үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн тохиолдолд эрхийг нь  таван жил тутам сунгана.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
УСНЫ НӨӨЦИЙГ ХАМГААЛАХ, УСАН ОРЧИНГ НӨХӨН СЭРГЭЭХ

22 дугаар зүйл.Усны  нөөцийг хамгаалах

            22.1.Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно.

22.2.Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.

22.2.1.онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг  хориглоно.

22.3.Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно.

22.4.Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журмыг  байгаль орчны болон газрын харилцааны  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлах бөгөөд энэ журмаар онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн зааг, бүсэд мөрдөх дэглэмийг тогтооно.

22.5.Нийслэлийн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс, тэжээгдлийн мужийн заагийг байгаль орчны болон газрын харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран тогтооно.

22.6.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 22.4-т заасан дэглэм  зөрчихийг хориглоно.

22.7.Гол, мөрөн, нуур, усны эх үүсвэр болон газрын доорх цэнгэг усны орд газрыг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авна. 

22.8.Гол, мөрний байгалийн үндсэн голдирлыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэргүйгээр өөрчлөхийг хориглоно.

22.9.Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн с

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР