ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ

2019-05-18

2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр

 

Улаанбаатар хот

 

ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг хариуцлага болон хайгуулын талбай, уурхайн эдэлбэрийн орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж

2.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Газрын хэвлийн тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл.Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Эмчилгээний зориулалтаар шавар, элсийг ашиглахтай холбогдсон харилцааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмаар зохицуулна.

3.3.Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрээр авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглахтай холбогдсон харилцааг Засгийн газраас баталсан тусгай журмаар зохицуулж болно.

4 дүгээр зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1.“түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин, дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг;

4.1.2.“түгээмэл тархацтай ашигт малтмал хайх” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг;

4.1.3.“түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах” гэж түгээмэл тархацтай ашигт малтмалын орд ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу газрын гадаргуу, хэвлийгээс ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг;

4.1.4.“түгээмэл тархацтай ашигт малтмалын орд” гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд бүрэлдэн тогтож чанар, нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдсийн хуримтлалыг;

4.1.5.“тусгай хэрэгцээний газар” гэж Газрын тухай хуулийн 17, 18, 20 дугаар зүйлд заасны дагуу эрх бүхий байгууллагаас улсын болон орон нутгийн тусгай хэрэгцээнд авч ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон газрыг;

4.1.6.“түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал хайх эрх олгосон баримт бичгийг;

4.1.7.“түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл” гэж энэ хуульд заасны дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг;

4.1.8.“түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай” гэж энэ хуулийн 4.1.6-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;

4.1.9.“уурхайн талбай” гэж энэ хуулийн 4.1.7-д заасан тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг;

4.1.10.“уурхайн эдэлбэр” гэж уурхайн талбайтай давхацсан, ашигт малтмал олборлох геологийн тогтоцын хэсгийг;

4.1.11.“түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр” гэж тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байлгах зорилгоор эзэмшигчээс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу төлөх төлбөрийг;

4.1.12.“түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал хайх, ашиглах эрх авсан хуулийн этгээдийг;

4.1.13.“хуулийн этгээд” гэж Иргэний хуулийн 33.1-д заасан компани, нөхөрлөлийг.

5 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын өмчлөл

5.1.Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа түгээмэл тархацтай ашигт малтмал төрийн өмч мөн.

5.2.Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.

6 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахад тавих ерөнхий шаардлага

6.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.

6.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан байна.

6.3.Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ТАЛААРХ ТӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТ

7 дугаар зүйл.Улсын Их Хурлын бүрэн эрх

7.1.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон бодлогыг тодорхойлно.

7.2.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар Засгийн газраас зохион байгуулж байгаа ажилд хяналт тавина.

7.3.Засгийн газрын өргөн мэдүүлснээр, эсхүл өөрийн санаачилгаар тодорхой нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахыг, эсхүл хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хязгаарлах буюу хориглоно.

8 дугаар зүйл.Засгийн газрын бүрэн эрх

8.1.Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангана.

8.2.Улсын тусгай хамгаалалттай болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газраас бусад тусгай хэрэгцээний газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах асуудлыг шийдвэрлэнэ.

9 дүгээр зүйл.Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

9.1.Уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах.

9.2.Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.2.1.барилгын салбарт ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийн судалгааг хийж, төлөвлөлтийг уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх.

10 дугаар зүйл.Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг

10.1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/ доор дурдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ:

10.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх;

10.1.2.түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэл хөтлөх;

10.1.3.ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар дүгнэлт гаргаж Засаг даргад хүргүүлэх;

10.1.4.Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, түгээмэл тархацтай ашигт малтмалын ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийг хүлээн авах тухай шийдвэр гаргах;

10.1.5.нийслэл болон аймгуудын нутаг дэвсгэрийг хамарсан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулсан журам батлах.

10.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэнэ.

11 дүгээр зүйл.Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх

11.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1.аймаг, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон уурхайн талбайг тусгах;

11.1.2.Газрын тухай хуульд заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбай, ордод хамаарч байгаа газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах;

11.1.3.палеонтологи, археологийн мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэсэн эсэх, авран хамгаалах ажиллагаа шаардлагатай эсэхэд хяналт тавих.

11.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.2.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

11.2.2.харьяалах нутаг дэвсгэрт нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориулалтаар ашиглуулах, зөрчил гаргасан тохиолдолд уг зөрчлийг таслан зогсоох арга хэмжээ авах;

11.2.3.хүний эрүүл мэнд, байгаль орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалт болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх төлбөрийн талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;

11.2.4.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хянах;

11.2.5.харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;

11.2.6.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийн гүйцэтгэлийг хянах.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

12 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлага

12.1.Ашигт малтмалын тухай хуулийн 17.1-17.3-т заасан шаардлагыг биелүүлнэ.

12.2.Нэг тусгай зөвшөөрлөөр олгох түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын талбайн хэмжээ Ашигт малтмалын тухай хуулийн 17.4-т заасны дагуу 25 гектараас багагүй, 400 гектараас ихгүй байна.

13 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам

13.1.Энэ хуулийн 6.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн хуулийн этгээдэд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргын баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:

13.2.1.тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар;

13.2.2.тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

13.2.3.энэ хуулийн 12.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр;

13.2.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;

13.2.5.тухайн хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт.

14 дүгээр зүйл.Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

14.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 13.2-т заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна:

14.1.1.өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;

14.1.2.тухайн өдөр хамгийн түрүүнд болон сүүлд бүртгэсэн өргөдөлд тусгай тэмдэглэгээ хийх;

14.1.3.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 12.1, 12.2, 13.2-т заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд бүртгэсэн даруйд нь анхан шатны шүүлт хийж, шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;

14.1.4.энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу анхан шатны шүүлт хийсний дараа өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон, түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаж байгаа эсэхийг тогтоолгох өргөдлийг холбогдох материалын хамт төрийн захиргааны байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх.

14.2.Төрийн захиргааны байгууллага аймаг, нийслэлийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан энэ хуулийн 14.1.4-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ.

14.3.Өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай өргөдөл гаргасан этгээдэд аймаг, нийслэлийн Засаг дарга бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэнэ.

14.4.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 14.2-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

14.5.Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.

14.6.Энэ хуулийн 14.5-д заасан шийдвэр гарснаас хойш өргөдөл гаргасан этгээд нэг сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга өргөдлийг бүртгэлээс хасаж өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ.

14.7.Өргөдөл гаргасан этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлсөн бол аймаг, нийслэлийн Засаг дарга ажлын таван өдөрт багтаан түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаагаар олгоно.

14.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай байрших аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон тухай мэдэгдэж, төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.

14.9.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.

14.10.Ашигт малтмалын тухай хуулийн 19.12, 20.1 дэх хэсэг түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахад хамаарахгүй.

15 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх

15.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлнэ:

15.1.1.хайгуулын талбайн хилийн дотор энэ хуулийн дагуу зөвхөн түгээмэл тархацтай ашигт малтмал хайх;

15.1.2.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах;

15.1.3.энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг хоёр жилийн хугацаагаар нэг удаа сунгуулах.

16 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

16.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:

16.1.1.түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

16.1.2.үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн тухай баримт;

16.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;

16.1.4.хайгуулын тусгай зөвшөөрлийг сунгахаас өмнөх үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.

16.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 16.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 15.1.3-т заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

16.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгамагц энэ тухай барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн байгаль орчны байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгдэнэ.

16.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

17 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авахад тавих шаардлага

17.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.

17.2.Энэ хуулийн 17.1-д заасан өргөдөлд уурхайн талбайн булангийн цэгийг төрийн захиргааны байгууллагаас баталсан нэг загварын газрын зураг дээр тэмдэглэж, солбицлуудыг градус, минут, секундээр тодорхойлж хавсаргана.

17.3.Уурхайн талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 24.4, 24.5-д заасан шаардлагыг хангасан байна.

18 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам

18.1.Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах бөгөөд түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:

18.1.1.хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтны нэрийг тусгасан тодорхойлолт;

18.1.2.тухайн хуулийн этгээд энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангаж байгааг нотлох баримт;

18.1.3.энэ хуулийн 17.3-т заасан шаардлагын дагуу хийгдсэн талбайн зураг ба тухайн зураг дээр тэмдэглэсэн уг талбай байрших аймаг, сум, дүүргийн нэр;

18.1.4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 25.1.5-д заасан үйлчилгээний хөлс төлсөн баримт;

18.1.5.хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан тухай төрийн захиргааны байгууллагын шийдвэр;

18.1.6.хайгуулын ажлын явцад байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт.

19 дүгээр зүйл.Өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа

19.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 18.1-д заасан өргөдлийг хүлээн авмагц доор дурдсан ажиллагаа явуулна:

19.1.1.өргөдлийг өргөдөл бүртгэх дэвтэрт бүртгэж өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн хуудас тус бүрд бүртгэлийн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг өргөдөл гаргасан этгээдэд өгөх;

19.1.2.бүртгэсэн даруйд өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийх.

19.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1.2-т заасан анхан шатны шүүлт хийсний дараа доор дурдсан зүйлийг тодруулна:

19.2.1.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрлөөр олгогдсон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол өргөдөл гаргасан талбай нь хайгуулын талбайн хилийн дотор бүрэн багтаж байгаа эсэх;

19.2.2.өргөдөл гаргасан талбай нь тусгай хэрэгцээ болон нөөцөд авсан, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай ямар нэгэн байдлаар давхцаж байгаа эсэх;

19.2.3.хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх.

19.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:

19.3.1.өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх;

19.3.2.хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан бол онцгой эрхийнх нь дагуу уурхайн талбай олгож, ашиглалтын тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 24.1-д заасан хугацаанд төлүүлэх;

19.3.3.өргөдөлд дурдсан талбай нь ашигт малтмал хайх, ашиглахыг хязгаарласан буюу хориглосон, эсхүл тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон талбайн аль нэг хэсэгтэй давхацсан бол ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж, татгалзсан шалтгаан үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэх.

19.4.Энэ хуулийн 19.3.2-т заасан онцгой эрхийн дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан эзэмшигч мөн хуулийн 24.1-д заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг төлөөгүй бол аймаг, нийслэлийн Засаг дарга өргөдлийг бүртгэлээс хасаж, өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, энэ тухай өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ.

19.5.Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 19.3.2-т заасны дагуу хийснээс хойш ажлын таван өдөрт багтаан аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаагаар олгоно.

19.6.Ашиглалтын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигч этгээдийн нэр, хаяг болон уурхайн талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралттай байна.

19.7.Аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосноос хойш ажлын 10 өдөрт багтаан барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллага, татварын асуудал эрхэлсэн байгууллага, мэргэжлийн хяналтын байгууллага, тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай байрших сум, дүүргийн Засаг даргад энэ тухай тус тус мэдэгдэж, төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ.

19.8.Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3.1, 19.3.3, 19.4-т заасан шийдвэр гаргасан бол өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг өргөдөл гаргасан этгээдэд буцааж өгнө.

20 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг

20.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

20.1.1.тухайн уурхайн эдэлбэрт оршиж байгаа түгээмэл тархацтай бүх төрлийн ашигт малтмалыг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу ашиглах;

20.1.2.энэ хуулийн зургаадугаар бүлэгт заасан үүргийг биелүүлэх;

20.1.3.уурхайн эдэлбэрээс олборлосон бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээр борлуулах;

20.1.4.уурхайн талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул явуулах;

20.1.5.түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 10, 10 жилээр сунгуулах;

20.1.6.ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх, шаардлагатай барилга байгууламж барих, түүнийг ашиглах;

20.1.7.энэ хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл, эзэмшилд байгаа газарт түүний өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх, дайран өнгөрөх;

20.1.8.уурхайн эдэлбэрээс олборлосон бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь стандартын шаардлагад нийцсэн байх;

20.1.9.холбогдох хууль тогтоомжийн дагуу газар, ус ашиглах.

20.2.Газар өмчлөгч, эзэмшигч нь тухайн газарт байгаа түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиг олох зорилгогүйгээр өөрийн ахуйн хэрэгцээнд ашиглаж болно. 

21 дүгээр зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах

21.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэгээс доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд доор дурдсан баримт бичгийг хавсаргана:

21.1.1.ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;

21.1.2.үйлчилгээний хөлс болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт;

21.1.3.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийг энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу хянасан тухай баримт.

21.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 21.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 20.1.5-д заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж, өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.

21.3.Аймаг, нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тухай шийдвэрийг түүнийг гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан энэ хуулийн 19.7-д заасан байгууллагуудад мэдэгдэнэ.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН БОЛОН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИХ ЭРХИЙГ ХАДГАЛАХ НӨХЦӨЛ

22 дугаар зүйл.Тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах

22.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 23, 24 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл энэ хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.

23 дугаар зүйл.Тусгай зөвшөөрлийн төлбөр

23.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 35.6-д заасны дагуу жил бүр төлнө.

24 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх

24.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 14.5, 19.3.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө.

24.2.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.

24.3.Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг төлөх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн уурхайн эдэлбэрт ногдох талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй.

 


ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ЭЗЭМШИГЧИЙН ҮҮРЭГ

25 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүрэг

25.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглахдаа энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.2.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана:

25.2.1.хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар;

25.2.2.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, тайлан;

25.2.3.сум, дүүргийн Засаг дарга болон мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулсан хайгуулын ажлын төлөвлөгөө.

25.3.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 35.3.1-35.3.7-д заасан баримт бичгийг бүрдүүлнэ.

25.4.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах явцад өөр төрлийн ашигт малтмал, түүх, соёлын олдвор, эд өлгийн зүйл илэрсэн тохиолдолд үйл ажиллагаагаа зогсоож аймаг, нийслэлийн Засаг даргад мэдэгдэнэ.

25.5.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17.10-т заасан шаардлагыг хангаж ажиллана.

25.6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч Газрын хэвлийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж ажиллана.

26 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах

26.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон энэ хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан үүргийг биелүүлнэ.

26.2.Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах үйл ажиллагаа эхлэхийг хориглох бөгөөд тухайн асуудлаар маргаан гарвал мэргэжлийн хяналтын байгууллагад гомдол гаргаж болно.

27 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг

27.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар доор дурдсан үүрэг хүлээнэ:

27.1.1.тусгай зөвшөөрөл авснаас хойш 60 өдрийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж сум, дүүргийн Засаг даргаар батлуулах;

27.1.2.энэ хуулийн 27.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдлыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах;

27.1.3.энэ хуулийн 27.1.1-д заасны дагуу батлагдсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх;

27.1.4.хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;

27.1.5.энэ хуулийн 27.1.4-т заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж, уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах;

27.1.6.байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий төрийн болон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд хайгуулын талбайд нэвтрэн орох, газар дээр нь шалгалт хийх бололцоо олгох;

27.1.7.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх.

27.2.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 27.1.1, 27.1.5-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ.

27.3.Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг бүрэн биелүүлээгүй бол сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 27.1.7-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна.

27.4.Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 27.1.7-д заасан хөрөнгийг түүнд буцааж өгнө.

28 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах талаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг

28.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 39.1-д заасан үүрэг хүлээнэ.

29 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах шинэчилсэн үнэлгээ, төлөвлөгөөг хянуулах

29.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ.

29.2.Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн байгууллагад батлуулахаар хүргүүлнэ.

29.3.Энэ хуулийн 29.1-д заасан төлөвлөгөөг энэ хуулийн 27.2-т заасны дагуу батална.

30 дугаар зүйл.Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх

30.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 41.1-д заасны дагуу хохирлыг нөхөн төлнө.

31 дүгээр зүйл.Эрүүл ахуйн нөхцөл, аюулгүй ажиллагааг хангах

31.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зохих хууль тогтоомжийн дагуу уурхайд ажиллагчийн хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн нөхцөл болон тухайн сум, дүүргийн иргэдийн аюулгүй байдлыг хангах талаар тодорхой үйл ажиллагаа явуулна.

32 дугаар зүйл.Уурхайг хаах үед тавих шаардлага

32.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хаах бол Ашигт малтмалын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан арга хэмжээг хэрэгжүүлнэ.

33 дугаар зүйл.Түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

33.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн түгээмэл тархацтай ашигт малтмалын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тоо

Санал асуулга
© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР